Wednesday, June 7, 2017

ХОГ ХАЯГДАЛГҮЙ БАЙЖ БҮРЭН ХЭРЭГЛЭХ “ЗУРШИЛ”


            Монголчууд бид нэн эртний түүхт ард түмэн билээ. Гол нь түүхэндээ ч биш оршихын нууцын танин мэдэж чадсан ард түмэн бөгөөд үүнийгээ үр, удамдаа өвлүүлэн дамжуулах арга ухааныг эрэлхийлэн уламжлал, ахуй амьдрал, ёс заншилдаа нэвт шингээхийг мөнхөд эрмэлзсээр ирсэн байна.  Оршихуйн нууц гэдэг нь үр удам маань мөнхөд оршин байхыг, амьдрал мөнхөд байхыг хүсэн тэмүүлэн түүнийхээ мөн чанарыг олжээ. Мэдээж хүмүүн биднийг тээж, тэтгэж, тэжээж байгаа зүйл нь Нар, Сар, Дэлхий ээж /Сүүн эх/, Амь, Амьтан, Мангадай/хүн/ юм гэдгийг мэджээ. Энэхүү зургаагийн нэг нь үгүй болбол бүгд үгүй болохыг танин мэджээ. Өөрөөр хэлбэл нэг нэгнийхээ оршихуйг нөхцөлдүүлж байдаг, тэтгэж байдаг аль нэгэнгүйгээр оршин байж чадахгүй юм.
            Нар, Сар, Амь, Хүн гэдгийг тайлбарлах шаардлагагүй байх хүн өөрөө байхыг ярьж байгаа учир. Сар нь дэлхийн дагуул нийлж байж нэгэн массыг үүсгэн Нарыг тодорхой орбитоор тойрон эргэж байгаа шүү дээ. Хүн төрөлхтөн Амь, Амьтан, Дэлхий ээжийнхээ оршихуйд ихээхэн халдсанаас болж өөрийнхөө орших уйд мөн халдаж байгаагаа тийм ч сайн олж харахгүй байна.
Дэлхий дээрх амьтан нь хий, чийг, шорооноос бүрэлдэн тогтдог байна. Тиймээс хүний бие энэ хий, чийг, шороо гурвын өөрчлөлтөөс хамааралтай байна гэсэн үг юм. Хий буюу агаараа бохирдуулбал амьсгалах агаар чинь бохирдож амьтан болон хүн өөрөө түүгээр амьсгална. Усаа бохирдуулбал мөн уух унд чинь бохирдсон байна. Газар шороогоо бохирдуулбал мөн л хүнс чинь бохирдсон байх болно. Тиймээс энэ гурвыг цэвэр байлгах, анхдагч байдлыг хадгалах гэдэг шаардлага гарч ирэх бөгөөд  байгал эхээ хэвээр нь хадгалан хамгаалах үндэслэл болно. Гэтэл хүнд оршин амьдрахад хүнслэх хүнс, хувцас, багаж хэрэгсэл, орон гэр, газар,  нийхэм, сэтгэхүй, соёл, харилцааны үйлдлээс үүсэн гарах түмэн зүйлийн хэрэгцээ шаардлага гарч ирж байна. Энэхүү хэрэглээгээ хангахын тулд ан, амьтан, уул ус, байгал эхийг ихээр сүйтгэж, их хэмжээний хог хаягдал гаргаж байгал эхийгээ ихээхэн хэмжээгээр хордуулж байна. Тэр хэмжээгээр хүнсээ хордуулж, тэр хэмжээгээр өвчлөл, хорт хавдар, халдварт өвчин тахал, байгалын гамшигт нэрвэгдэж байна.
Харин монголчууд бидний өвөг дээдэс үүнийг мэддэг байсны улмаас хог, хаягдал болохгүй эд, хэрэглэл, амьдралын хэрэгцээ шаардлагаа хангаж байх нүүдлийн мал аж ахуй эрхлэн уул, ус, газар нутгаа байгаа чигээр нь хадгалан авч явах бүх нөхцөлийг бүрдүүлэн байгалаа шүтэж, байгалдаа өөрөө зохицон амьдрах, байгал, газар нутгаа хамгаалахын төлөө тэмцэж ирсэн байна.
Үүний гол нотолгоо нь Монголын уламжлалт амьдралыг авч үзье. Тархи болоод бие нь эрүүл байгаасай гэж байнга хөдөлмөрлөж, бодож, тэмцэхийг шаардах уур, амьсгалын нөхцөлтэй дөрвөн улирлын газар нутагт зөв амьдрахуйн ёс заншил өв уламжлалыг үлдээсэн байдаг. Дөрвөн улиралдаа нүүдэллэн амьдрах нь газар нутгаа малын бэлчээр, хөлөөр талхлан гэмтээхээс хамгаалж, эргэн сэргэх хугацаа олгож байна. Мөн нүүхдээ хог үлдээхгүй ор мөргүй цэвэрлэж үлдээдэг нь байгал ан амьтанд хорт нөлөөлөл үзүүлэхгүй байх. Аргал, хөрзөн түлдэг нь агаараа бохирдуулахгүй байх. Усаа чадмана эрдэнэ гэж дээдлэн усаа цэвэр ариун байлгах гэсэн уул, усны олон цээр, ёс заншилд нэвт шингэсэн байдаг.  Цаашилбал нүүдлийн мал аж ахуйд хог болгож хаях нэг ч зүйл байдаггүй. Мах, сүүгээр нь хүнсэлж арьс, ширээр хувцас, сав суулга, хазаар ногт гээд эд хэрэглээ хийдэг. Ясаар нь эм тан, тоглоом наадгай хийнэ. Баасыг нь хатааж түлш хийх гэх мэт хаягдал болох нэг ч зүйл үгүй билээ. Эд хэрэглэл нь хаягдал боллоо гэхэд байгал дэлхийдээ хор хохирол учруулахгүй байхыг үргэлж бодолцсон байдаг байна. Тиймээс хог хаягдал хаяхаасаа өмнө үргэлж юунд хэрэглэж болох вэ гэдгийг бодох сэтгэхүйтэй болсон байдаг.
Ямар хог хаягдал хор болж хохирол учруулах вэ гэдгийг тодорхойлох нь зүйн хэрэг болов уу. Хамгийн энгийнээр тайлбарлавал хүн бид амь буюу био мандал дээр амьдарч байгаа. Энэхүү давхаргад байгаа зүйлээр хийсэн эд, хэрэглэл нь тийм ч хорт хаягдал биш юм. Яагаад гэвэл байгалдаа 100 хувь шингэж байгалын эргэлтэд орох нөхцөлтэй байдаг. Харин энэ био мандлаас өөр давхарга буюу хөрсөн дороос гаргасан аливаа зүйлс түүгээр хийсэн эд, хэрэглэл мөн байгалын эргэлтээс биш зохиомлоор хийсэн эд зүйлс нь ихээхэн хэмжээгээр био мандалд хор хохирол учруулж байдаг байна. 
Энэ био давхарга дээрх бүхий л зүйлс нэг нэгнийхээ амьдархуйг нөхцөлдүүлж байдаг байна. Жишээлбэл Буйр нууранд хар цахлай ихээр үржиж нуурын загасыг ихээр барьж байгаагаас  хүнд баригдах загас ховордсон байна. Гэтэл хүмүүс бид тэр нутагт амьдрах үнэгийг устгаж дуусгаснаар хар цахлайг хороон амьдардаг амьтангүй болсон байна. Энэхүү био мандал дээр амьдралын төлөөх тэмцэл явагдаж байгалын шалгарлаар устаж шинэ зүйлс төрж эргэлдэж байх нь жам юм. Энэхүү жамд ямар нэг байдлаар хөндлөнгөөс нөлөөлж байгаа бүхий л зүйл хохирол дагуулж хэн нэгний амьрахуйд нөлөөлж дайсагнаж байдаг. Тиймээс ан агнах цээр, цээрлэх ёс заншил гарч ирсэн байна.